
AI буюу хиймэл оюун ухаан нь эмч нарыг ажилгүй болгож байна. Үүний нэгэн бодит жишээ нь, Хятад улсын Цинхуа их сургуулийн байгуулсан AI эмч нар ажилладаг эмнэлэг юм. 14 AI эмчтэй, 4 AI сувилагчтай уг эмнэлэг нь өдөрт 3000 өвчтний асуудлыг шийдэх чадвартай.
АНУ-д нэгэн туршилт явуулсан бөгөөд АНУ-ын эмч нарын олон жил суралцаж, бэлдэж байж өгдөг анагаахын лицензийн шалгалтыг нь АI 93% гүйцэтгэлтэй давсан ба зарим асуудлыг эмч нараас ч илүү хариултыг нь олж, шийдэж байжээ.
Хүүгээ 3 жилийн турш, 17 эмчид үзүүлж, эмнэлгээр дагуулж явсан ч онош нь тодрохгүй байсанд, хүүгийн ээж Кортни ChatGPT-тэй чатласнаар Tethered Cord Syndrome гэх ховор онош байж болохыг олж мэдээд, мэдрэлийн мэс засалч эмчтэй зөвшилцөж, шинжлүүлэхэд тухайн эмч үнэхээр уг өвчин мөн болохыг баталгаажуулжээ. АI ямар хүчтэй хөгжиж, ямар ашиг тус үзүүлж болохыг энэ жишээнээс та бүхэн ойлгож буй байх.
Зарим хүний толгойд АI гэхээр эвлүүлсэн зураг, эсвэл сонин содон бичлэгүүд төсөөлөгдөж байгаа байх. Гэхдээ энэ бол зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
Миний хувьд, ердөө 2-хон жилийн өмнө AI буюу Artificial Intelligence гэдэг зүйл дэлхий ертөнцөд ийм айхтар өөрчлөлтийг авчирч байна гэж төсөөлж ч байсангүй. Өнөөдөр амьдралын маань салшгүй нэг хэсэг болжээ.
Хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн, Шинжлэх ухааны хувьсгал гэхчлэн хүн төрөлхтний түүхийг бүлгүүдэд хуваадаг бол шинээр бичигдэх номуудад Хиймэл оюун ухааны хувьсгал гэж шинээр бүлэглэгдэн бичигдэх тийм гайхалтай өөрчлөлтийн цаг үед бид амьдарч байна гэж харж байна. Өнөөдөр хэн ч та бүхэнд үнэгүй хэлж өгөхийг хүсэхгүй байгаа, бараг нууж байгаа мэдээлэл бол АI-ийн хөгжлийн түвшин хаана хүрсэн тухай асуудал юм. AI маш олон ажлыг орлох боломжтой гэж зарим эрдэмтдийн ярьдаг нь маш олон салбарт бодитой болоод эхэлчихсэн байна.
Анагаах ухаан, эрүүл мэндийн талаар бид AI эрин үед юуг мэдэх ёстой вэ?
Эмч нарын хувьд анхаарууштай зүйлс:
1. Өөрийн ажлыг хөнгөвчлөх, хурдасгах, өвчтөндөө илүү их тус хүргэх зорилгоор AI хэрэслүүдийг ажилдаа хэрэглэж сурах шаардлагатай.
2. Өөрийн ажилтай холбоотой үйл хөдлөл бүрийг AI-аар орлуулах эсвэл AI-тай хамтарч шийдэх боломжтой эсэхийг бодож, судалж үзэх
2. Эмч нарын хувьд, мэдлэгийг олж авах, мэдлэгийг нэгтгэн дүгнэх нь хичээл зүтгэл, цаг хугацаа ихээр зарцуулдаг байсан бол энэ үйл явцыг AI хэдхэн минутаас хэдхэн секунд болгон хурдасгасан байна. Энэнээс эмч, өвчтөн бүгд хожиж байгаа юм.
3. Дэлхийн олон их сургуулиуд, эмнэлгүүд generative AI бол hallucinate буюу байгаа мэдээлэл дээр тулгуурлан байхгүй зүйлийг байгаа мэт зохиож болдог сул талтай тул хамаагүй найдаж болохгүй гэж болгоомжилж байгаа боловчиг Дэлхийн хамгийн топ их сургууль, топ институтүүд ажлынхаа салшгүй нэг хэсэг болгож, албан ёсоор зөвшөөрсөн байна. Учир нь, тэд AI-н давуу болон сул талуудыг маш сайтар анхааран, AI-т 100% найдахаас илүү туслах мэт хэрэглэж, эцсийн шалгалт, шийдвэрийг мэргэшсэн мэргэжилтэн өөрөө гаргаж байхыг оюутан, сурагч, эмч нартаа сургаж байгаа юм. Харвардын анагаахын их сургуульд гэхэд оюутнууддаа АI-н талаар куррикулум-тай болсон байна. Эмч нар нь өдөр тутамдаа AI хэрэглэж, ялган оношилгоо зэргийг алдаа мадаггүй байлгах, нарийвчлалыг ихэсгэх зорилгоор хэрэглэдэг болсон байна. Олон сая долларыг уг чиглэлийн судалгаанд зарцуулдаг болсон байна. Тэмдэглэл хөтлөх, мэдээллийг эмхэтгэх, судалгааны ажлыг уншихдаа хялбаршуулан ойлгох, эмнэлзүйн удирдамжуудыг мөн хялбаршуулан ойлгох, хэрэгтэй мэдээллээ эх сурвалж дотроос агшин зуур шүүлгэх гэхчлэн олон зүйлийг AI-аар хийлгэдэг болжээ. Мөн өвчтөнд өгөх зөвлөгөө, мэдээллийн ерөнхий баганыг гаргаж авах, эмийн тун, заалт, анхаарах зүйлс, гаж нөлөө зэргийг шалгах зэргийг AI-аар хийлгэдэг болж байна.
4. Өвчтөний зүгээс урд нь аливаа зүйлийг Google-дээд олсон мэдээлэлдээ итгээд ирдэг байсан бол одоо AI-аас илүү цэгцтэй, дэлгэрэнгүй мэдлэгтэй, ойлголттой болоод ирэх нь улам нэмэгдэж байна. Мэдээж уг мэдлэг, мэдээлэл нь төөрөгдсөн (эсвэл hallucinated мэдээлэл уншсан ч байж болно) байж болох боловч, өвчтнүүд урд урдныхаас илүү их informed буюу мэдээллээр хангагдсан байдалтай ирдэг болж байна. Сайн AI ашигладаг өвчтөн, AI ашигладаггүй эмчээс илүү мэдлэг, мэдээлэлтэй байх нөхцөл бүрдсэн байна. Энэ нь эмч нарыг илүү сайн байхыг шаардаж байгаа буюу алсдаа бүх эмч нар ийм шахалтад орж, мэдлэг гэгч зүйл илүү олж авахад амар болсноор ард иргэдэд илүү ашигтай үр нөлөөг үзүүлэх хандлагатай байна.
5. Хуучин цагт, мэдлэгээрээ ялгагддаг байсан бол ойрын ирээдүйд мэдлэгийн хувьд ялгаагүй бүгд сайн болж, харин мэдлэгээр биш, ур чадвараар, хандлагаар, бүтээлч байдлаар илүү ялгарах болно.
Жич: Ард иргэдэд хандаж хэлэхэд, AI-т маш сайн, оновчтой мэдээллийг өгөх тусам илүү оновчтой хариултыг гаргаж авах магадлалтай бөгөөд анагаахын шинжлэх ухаанд боловсрол эзэмшээгүй эсвэл хангалттай сайн боловсроогүй байх тусам түүнээс авч буй мэдээлэл алдаатай, төөрөгдсөн байх эрсдэлтэй гэдгийг мөн анхаарууштай. Эмч нар мэдлэг, чадвар сайтай байх тусам өвчтнүүдээсээ асуумж болон үзлэгээр илүү нарийвчлалтай, үнэн мэдээллийг ялгаж авах бөгөөд уг мэдээллээ AI-тай хамтран боловсруулж, өвчтөнд илүү ашигтай шийдвэрийг хурдан, оновчтой гаргах боломжтой болж буй юм. Дээр дурдсан Цинхуа их сургуулийн эмнэлэг нь одоогоор бодит эмнэлэг биш бөгөөд симуляци програм юм байна. Өөрөөр хэлбэл, AI эмч нарыг орлож чадахгүй, харин эмч нарыг улам мэдлэгтэй, улам оновчтой, улам сайн болгох боломжийг олгож байна. Мөн AI-н тусламжтай гаргасан шийдвэр нь алдаатай байгаад, хүн хохирвол хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой болно. Тиймээс эмч нар AI-т шууд итгэх бус харин гаргаж өгсөн мэдээллийг шүүн тунгаах, зөв эсэхийг магадлах, эх сурвалжийг нь шалгаж баталгаажуулж байх шаардлагатай. Үгүй бол gen AI таньд, манайхны ярьдагаар “Зүүдээ ярьж байж магадгүй” юм. За төгсгөлд нь, та бүхэн маань хуудсыг маань дагаж дэмжээрэй. Таалагдвал шейр хийж өгч байгаарай. AI эрин үеийн талаар санал бодлоо комментоор бусадтайгаа хуваалцаарай.
Эмч Х.Энхтүвшин
Их хэмжээний агуулгатай аливаа шалгалтын ард гарахад суралцахуйн үйл явцаа заавал эргэж харах шаардлага тулгардаг. Зарим хүн хэдэн зуун цаг зарцуулж ард нь гардаг зүйлийг зарим хүн хэдэн арван цагт хийж дуусгах нь бий. Эдгээр хүмүүс заримдаа ур чадвар, потенциалаараа ижилхэн байж болох ч арга барил нь ондоо байдаг. Яаж илүү сайн суралцах вэ? Яаж арай бага цаг зарцуулах вэ? Яаж илүү үр дүн гаргах вэ? Үүний нэг сонирхолтой жишээ нь ой тогтоолтын мневмоник-ууд юм. Ямар нэг тогтооход хэцүү мэдээллийг амархан, зугаатай болгодог аргууд. Үүний нэг нь хүний ой тогтоолт мэдээлэл кодлохдоо ашигладаг verbal code болон visual code хоёрыг хослуулан ашиглах юм. Үүнийг Dual coding ч гэж нэрлэдэг. Микробиологийн хичээлийг илүү амархан, хөгжилтэй болгож өгсөн Sketchy micro гэх tool нь яг энэ арга дээр үндэслэж байгаа юм. Их мэдээллийг зүгээр л уншаад байх биш түүнийгээ бүтээлчээр төсөөлөхөд амар зураг, түүх болгож хувиргаад, уг түүхээ ярингаа дүрүүдийг нэг нэг мэдээлэлтэй холбодог. Миний хувьд USMLE шалгалтанд бэлдэж байхдаа удамшлын өвчний удамших хэлбэрүүдийг маш их хольж сольж байв. Тэгээд мневмо техник хэрэглэхээс нааш ард нь гарахгүйгээ ойлгож дараах зургийг тухайн үед эвлүүлж байгаад яс тогтоож билээ. Иймэрхүү жижиг зүйлс дээр нэг, хоёр тест илүү бөглөх үү эсвэл алдах уу гэдэг нь шийдэгдэнэ. Ингээд оноо хэр гарах вэ дээр ч нөлөөлдөг гэсэн үг юм. Дараах бичлэгийг сонирхоорой.

Бид нарын бөөрний яг дээд талд сууж байрладаг жижигхэн, шаргал, гурвалжин булчирхайг юу гэдгийг мэдэх үү? Энэ бол стрессын даавар кортизол гэгчийг ялгаруулдаг бөөрний дэргэдэх буюу adrenal (ad-дэргэд, renal-бөөрний) булчирхай. Бас нөгөө адреналин гэгчийг ч үйлдвэрлэдэг. Стрессийн даавар ялгаруулаад байгаа золигийг аваад хаячихвал стресстэхгүй амар юм биш үү гэж үү? Үгүй л дээ. Кортизол даавар гэдэг чинь стрессийг үүсгээд байгаа юм биш. Харин стрессийг (mental, physical stress, threat) даван туулахад тань туслах оролдлого хийдэг жижиг молекулууд юм. Кортизол гэдэг чинь уг нь байгалийн зориулалтаараа хүнд их хэрэгтэй эд." Их стресстэхэд кортизол чинь ихэснэ, биед чинь муу" гэсэн яриа сонсож байсан уу? Уг нь кортизол биед хэрэггүй зүйл биш. Хэрвээ та кортизол дааврын биологийн үйлдлүүдийг нь сонирхон унших юм бол их зэвүүн. Бүх үйлдэл нь биднийг аюултай нөхцөл байдалд амьд үлдэхэд (to survive) чиглэгдсэн байдаг. Ерөнхийд нь багцлаад хэлвэл, таны цусанд тархи, булчинг тань тэжээх бодисыг (глюкоз) ихэсгэх бүх арга хэмжээг авах, уг бэлдсэн тэжээлээ тархи, булчинд хүргэж өгөх үйлийг дэмжих, үүний тулд бусад эрхтнүүдийн глюкозын хэрэглээг түр хязгаарлах, тархи булчинг дээд зэргээр нь ажиллахад туслах зохицуулгуудыг нөхцөлдүүлдэг. Хэрвээ чононд хазуулаад цус алдах юм бол таныг цус алдуулахгүйн тулд судсыг чинь илүү агшимтгай болгож өгнө, Ийм гэмтлээс болж, таны дархлааны эсүүд хэт их үрэвслийн процессыг өдөөвөл биед тань аюултайг яаж мэддэг байна гэмээр хачин. Үрэвслийн эсүүдийн үйл ажиллагааг түр хязгаарлана гэх мэт.Кортизол даавар огт ялгарахаа байчихвал (Adrenal crisis) хүний даралт унаад цус нь эргэлдэхээ больж, цусны сахар нь хэвийн хэмжээнээсээ огцом унаснаар тархи нь тэжээлгүйдэж нас барах жишээтэй. Тэгэхээр гол аюул хаана байна вэ гэж үү? Кортизол даавар цусанд ихсэлтийг бид богино хугацааны, урт хугацааны гэж ангилж болох нь. Богино хугацааных нь хэвийн, бидэнд тустай. Харин урт хугацааных нь эрүүл хүний биед аюултай. Инсулины тэвчил, кортизол ихсэлтийн шалтгаанаар чихрийн шижин, судас агшимтгай болсноор даралт ихдэлт, дархлааны эсүүд муу ажилласнаар халдварт өртөмтгий болох гэх мэт аюулыг учруулдаг байх нь. Өөрөөр хэлбэл хэвийн хэмжээндээ хэрэгтэй боловч буурвал, бас ихэдвэл аюултай эд байх нь. Мөн кортизол даавар эмгэгээр удаан хугацаанд ихсэх нь төвийн таргалалтын нэгэн шалтгаан болдог. Бие махбодийн стрессээс гадна сэтгэлзүйн стресс нь хүний кортизол дааврыг ихэсгэх боломжтой. Заримдаа эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөөнүүд хандалт авахын тулд хүмүүсийг айлгах тактик хэрэглэж харагддаг. Энэ нь эргээд хүнд тус болох гэхээсээ илүү улам л удаан хугацаанд кортизолыг ихэсгэж, хүнд гай болж байх талтай гэж боддог. Та сахар, хорхог, улаан мах, өөх юуг бол юуг л идэж болно. Гол нь л тааруулах нь чухал. Тэрнээс биш нэг л буруу юм идчихвэл хавдар тусна гэж хэт их айх хэрэггүй (гэхдээ зөв хооллох хэрэгтэй, турах хэрэгтэй гэж уриалдаг хүмүүсийг дэмжиж байгаа шүү). Гол нь үзүүлэх цагтаа яс үзүүл, урьдчилан сэргийлэх шинжилгээнүүдээ хийлгэ. Зовиур илэрвэл битгий үл тоо. Эмчтэйгээ тохирсон цагтаа хоцрохгүй оч гэж хэлье дээ.Эмч Х. ЭнхтүвшинЗургийн эх сурвалж: https://webpath.med.utah.edu/ENDOHTML/ENDO002.htmlЖич: бусад бичвэрүүдийг маань уншаарай
